ПЕРСИЙН БУЛАНД ЮУ БОЛЖ БАЙНА?
Өнөөдрийн байдлаар Персийн булан болон Ормузын хоолойд 2000 гаруй усан онгоц 3 долоо хоног гацаж байна. Уг онгоцууд нь энгийн тээврийн хөлөг бөгөөд газрын тос, шатахуун, хүнс, үр тариа, бордоо, машины сэлбэг, барилгын материал, гар утас, эд анги, эм, эмнэлэгийн зориулалттай бараа гээд бидний өдөр тутамдаа хэрэглэгддэг бүтээгдэхүүнүүд тээвэрлэдэг. Ормузын хоолой хаагдсанаас болоод Персийн буланд гацсан эдгээр хөлөг онгоцуудын нөхцөл байдал тун хүнд байгаа бөгөөд 2000 гаруй онгоцон дээрх 20000 хүний ундны усны нөөц дуусаж байгаа гэх мэдээлэл байна. Энэ хямрал нь 2021 онд тохиосон Сэуцийн сувгийн хямралаас 8 дахин том аж. Дэлхийн нийлүүлэлтийн сүлжээ эмзэг шүү дээ. Базарваань...
2021 онд "Ever Given" хэмээх асар том чингэлэг тээврийн хөлөг Суэцийн сувагт хөндлөн гацсанаар дэлхийн хамгийн чухал тээврийн гарц бүтэн долоо хоног хаагдсаныг уншигч санаж буй нь лавтай.
Хэдийгээр "долоохон" хоног өнгөрсөн ч үр дагавар нь "гинжин хэлхээ" гэж юу байдгыг бидний ой тоонд ортол ойлгуулаагүй юу.
Юу гэхээр Европ Азийг холбодог гол гарц хаагдсанаар дэлхийн худалдааны урсгал шууд доголдож, өдөрт хэдэн тэрбум долларын бараа саатаж, хэдэн зуун хөлөг хоёр талд нь овоорч, зарим нь Африкийг тойрч урт зам сонгохоос өөр аргагүй байв. Энэ нь мэдээж тээврийн хугацааг хэдэн долоо хоногоор сунгаж, зардлыг огцом өсгөсөн.
Дараагийн эффект нь нийлүүлэлтийн сүлжээ доголдож үйлдвэрүүд түүхий эдээ, дэлгүүрүүд бараагаа хүлээж, “яг цагтаа” системд тулгуурласан бизнесүүд хамгийн хүнд цохилтыг мэдэрсэн. Автомашин, электроникийн салбаруудын үйлдвэрлэл саатаж, зарим үйлдвэрүүд түр зогссон нь цар тахлын үеийн эдийн засагт бүр нэрмээс болж орхив. Энэ гацаа эцэстээ хэрэглэгчдийн халаасыг тэмтэрсэн. Манай эдийн засагт ч энэ үйл явдал тодорхой нөлөө үзүүлж байв.
Гол асуудалдаа оръё. Дэлхийн хэвлэлүүд АНУ-Израил болон Ираны мөргөлдөөний үйл явц, пуужингийн довтолгоо, орчин үеийн зэвсэгсэл, цэрэг армийн хүчин чадал, нөөц бололцоо нэмээд газрын тосны үнэ хэрхэн хэлбэлзэж буй мэдээллээр хором бүрд амьсгалж байгаа ч гацаад буй далайн тээвэр, далайчдын хувь заяа хэрхэхийг төдийлөн сонирхохгүй байгаа. Мэдээж энэ саатал удаан үргэлжилбэл зөвхөн эдийн засгаар тогтохгүй хүмүүнлэгийн эрсдэл, цаашлаад байгал орчны асуудал шил даран үүсэхээр харагдаж байна. Хүний асуудал хүмүүнлэгийнх, харин далайд удаан гацсан хөлгүүдийн түлш, ачаа, техник тоног төхөөрөмж нь байгалийн асуудал болж буй юм.
